Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ДОТООД ЖУРАМ

2017-12-04

Цэнгэл сумын Иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурлын

 Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 15 –ны 

өдрийн 32  дугаар тогтоолын хавсралт

 

ЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН  ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай болон бусад холбогдох хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлж бүтээлч чадавхийг дээшлүүлэх, албан тушаалын ажил үүргээ хариуцлага санаачилгатай, үнэнч шударгаар бүрэн биелүүлэх, улмаар нийгмийн баталгааг хангахад энэхүү дотоод журмын зорилго оршино.

1.2. Дотоод журам нь хурлын албаны улс төр, төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтан, сонгуультнуудын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгааг хангах болон хуулиар шууд зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулах хууль эрхийн баримт бичиг мөн.

 

Хоёр. ИТХ-ын ажлын албаны үндсэн үүрэг

2.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь ИТХ-ын дарга, ИТХ-ын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн байнгын тасралтгүй үйл ажиллагааг ханган, Засаг дарга түүний тамгын газрын ажилтай ажлаа уялдуулах.

2.2. Ажлын алба нь хурал хуралдааны талаар бие даасан шийдвэр гаргахгүй аливаа асуудлыг төлөөлөгчдийн болон тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, хамтын шийдвэр гаргуулан шийдвэрийг хэрэгжилтийг хангуулах, хянан шалгуулах ажлыг зохион байгуулах.

2.3. Төлөөлөгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтыг зохион байгуулна.

2.4. Төлөөлөгчдийн болоод Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг хангах.

2.5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж аливаа асуудалд оролцох ба нэхэмжлэл гаргана.

2.6. ИТХурлын төлөөлөгч, тэргүүлэгч ажилтныг үнэмлэхжүүлж, тэмдэг олгоно.

2.7. ИТХурлын ажлын алба нь иргэдийг хүлээн авч уулзаж санал бодлыг сонсох, холбогдох албан тушаалтанд уламжлах.

2.8. Батлагдсан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдийн сонгуульт ажлын үр дүн оролцоог дүгнэж урамшуулж болно.

2.9. ИТХ-ын Төлөөлөгчид, тэргүүлэгчдийн хуралдаан нь хуралдааны дотоод журам, дэгийн дагуу зохицуулагдана.

2.10. ИТХ-ын Тэргүүлэгчид нь сонгуульт эрхийнхээ хугацаанд хурлын ажлын албаны нэгжид байна.

2.11. Дотоод журмын хэрэгжилтийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга зохион байгуулж хяналт тавина.

2.12. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албанд ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Иргэний танхимын зохицуулагч буюу Улаан загалмайн нийгэмлэгийн анхан шатны хорооны ажилтан  хамаарч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна.

2.13. Хурлын ажлын албаны дарга, Улаан загалмайн нийгэмлэгийн анхан шатны хорооны ажилтан  нь Засгийн газрын тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолыг үндэслэн төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд хамааран ажиллана.

2.14. Хуралдааны материалыг хуралдаан тус бүрээр хадгаламжийн нэгж үүсгэж, хуралдаан болсны дараах 7 хоногт аймгийн ИТХ-д, 4 жил тутамд архивт шилжүүлнэ.

2.15. Хуульд заасан бусад үүргүүд

Гурав. Ажилд томилох, чөлөөлөх, халах

3.1.  Ажлын албаны орон тоо, цалингийн сан, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг Хурлын Тэргүүлэгчид, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг Хурлын дарга батална.

3.2. Хурлын ажлын албаны албан хаагчийг ажлаас чөлөөлсөн, халсан шийдвэр гаргахдаа энэхүү дотоод журам болон Төрийн албаны тухай хуулийн 23-25 дугаар зүйлд заасныг  үндэслэж ИТХ-ын дарга тогтоолдоо халсан, чөлөөлсөн тухайгаа тодорхой бичнэ.

3.3. Ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан хүмүүсээс албан бичиг баримт, эд хөрөнгийг картаар хүлээн авч, ээлжийн амралтын болон холбогдох тооцоог хийсний дараа нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж олгоно.

3.4. Шинээр ажилд орсон албан хаагч дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд түүнтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулна.

  Дөрөв. Ажлын цаг, цалин хөлс тэтгэмж

            4.1. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Үдийн завсарлага 12.00-13.00 цаг байна.

4.2. Албан хаагч гадуур ажлаар болон чөлөөгөөр явах тухайгаа хурлын дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.

4.3. Албан хаагч, тэдний гэр бүлд гачигдал тохиолдсон буюу бусад зайлшгүй шаардлагатай тохиолдолд албан хаагчийн хүсэлтийг үндэслэн захиргааны чөлөө олгоно.

4.4. Төрийн албаны тухай хуулийн “Төрийн албан хаагчид олгох тусламж” гэсэн 30 дугаар зүйлийн  1-5 дахь заалтыг үндэслэн тусламж олгоно.

а. Төрийн албан хаагчийн төрсөн эх, эцэг болон, нөхөр, эхнэр, төрсөн хүүхэд нас барвал 300000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж.

б. Төрсөн ах эгч, дүү, эмээ, өвөө, хадам эцэг эх болон өөрийн шууд асрамжинд байдаг хүн нас барвал 200000 төгрөг.

в. Ээлжийн амралтаараа хөдөө орон нутагт явах бол ирэх очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд 1 удаа олгоно.

г. Албан хаагч өөрөө болон 4.4а–д заагдсан хүмүүс өвчний улмаас өндөр зардалтай хагалгаа, эмчилгээ хийлгэх буюу баяр ёслол, хурим, найр гэр бүлийн тэмдэглэлт баяраар 200000 хүртэл төгрөгийг олгоно.

4.4.а.б.г, 4.5 дах заалтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид мөн адил хамаарагдана.

д. Албан хаагч Төрийн дээд цол, одон медалиар шагнагдсан тохиолдолд 180000 хүртэл төгрөгийн үнэ бүхий дурсгалын зүйлийг олгоно.

4.5. Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтныг Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэмжийг олгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ахмадуудын бүртгэлд хамруулж, санал хүсэлтийг хүлээн авч, тусламж дэмжлэг үзүүлж байна.

4.6. Ажлаас чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн тохиолдолд 50000-250000 хүртэл төгрөгийн дурсгалын зүйлийг олгоно.

4.7. Албан хаагч байгалийн гэнэтийн тохиолдол, гал түймрийн аюулд нэрвэгдэх, осолд орох үед тэргүүлэгчдийн тогтоолоор тусламж олгож болно.

4.8. Албан хаагчийн ээлжийн амралтыг ажлын байдлыг харгалзан ИТХ-ын дарга “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу олгоно.

4.9. Ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалт, гадаад, дотоодын курс сургуульд суралцахад нь “Төрийн албаны тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн дагуу тусламж, дэмжлэг үзүүлнэ.

4.10 Ажлын албаны албан хэрэгцээнд зориулсан сар бүрийн цайны зардлыг 20000-30000 төгрөг байхаар тооцож төсөвт оруулна.

4.11. Бусад сум, аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаатай танилцах, уулзалт ярилцлага зохион байгуулах, туршлага судлах зорилгоор явах /ирэх/-д зарцуулагдах шатахуун болон холбогдох зардлыг төлбөр хураамж, бусад арга хэмжээний зардлаас гаргана.

Тав. Үйл ажиллагааны мөрдлөг

 5.1. Хурлын ажлын алба жилийн төлөвлөгөөтэй ажиллана.

5.2. Жилийн төлөвлөгөөний төслийг оны 12-р сард боловсруулан, дараа жилийн 1-р сарын 15-ны дотор тэргүүлэгчдээр батлуулж мөрдөнө.

5.3. Жилийн төлөвлөгөөг үндэслэн цаг үеийн шаардлагатай ажлыг тусган боловсруулж хурлын даргаар батлуулан хэрэгжүүлж, төлөвлөгөөний биелэлтийг хагас жил, жилээр гарган дүгнэлт хийж ажиллана.

5.4. ИТХ, Тэргүүлэгчдийн жилийн ажлын тайланг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанд тавьж хэлэлцүүлэн үнэлэлт, дүгнэлт авна.

5.5. Ажлын алба ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг төлөөлөгчдийн болон тэргүүлэгчдийн хурлын дэгэнд заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадаар бэлтгүүлэн хурлын даргаар хянуулан хуралдаанд оруулна.

5.6. Албан хаагчдын жилийн эцсийн үр дүнг үндэслэн шагнаж урамшуулах, цалин хөлсийг өөрчлөх, зэрэг дэв олгуулах асуудлыг хурлын дарга шийдвэрлэнэ.

5.7. Жил бүрийн эхэнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргатай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жил бүрийн 12-р сарын 10-нд дүгнүүлэн ажиллана

Зургаа. Албан томилолт

            6.1. Албан томилолтоор ажиллах ажилтны ажлын удирдамжийг батлаж, хурлын дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж олгоно.

6.2. Албан томилолтыг очиж ажилласан газраар тэмдэглүүлж зохих баримт, цохолтуудыг бүрдүүлсний дараа олгоно.

6.3. Гадаадаас туршлага судлах, дотоодын түр сургалтын томилолтын зардлыг дээд байгууллагын шийдвэр буюу урилга, факсыг үндэслэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарган урьдчилан олгоно.

Долоо. Иргэдийн санал өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх

            7.1. Иргэдийн санал, өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 256 дугаар захирамжийг тус тус удирдлага болгоно.

7.2. Иргэдээс бичгээр ирсэн өргөдөл, гомдлыг Иргэний танхимын ажилтан хүлээн авч ИТХ-ын даргад өгч цохолт хийлгэн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч шийдвэрлүүлэн бичгээр хариу өгнө.

7.3. Хурлын дарга, төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн, албаны ажилтанд хандаж амаар тавьсан хүсэлт, санал гомдлыг тэмдэглэн хүлээн авч шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж шийдвэрлэж тухай бүрт нь хариу өгнө.

7.4. Эзэн тодорхойгүй гомдол мэдээллийг хүлээн авахгүй.

7.5. Иргэдийн санал гомдлын шийдвэрлэлтийн дүнг хагас жил, жилийн тайланд тусгаж байна.

Найм. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

            8.1.Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх.

8.2. Албан бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник, хэрэгслэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглах.

8.3. Аж ахуйн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх.

8.4. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэн орох, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах.

8.5. Ажлын өрөөнд тамхи татах.

8.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөх.

Ес. Шагнал урамшил, хариуцлага

            9.1. Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачлага гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албан хаагчдийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “А”, ”В” үнэлгээтэй дүгнэгдсэн албан хаагчийг;

9.1.а. Үндсэн цалингийн 40 хүртэл хувиар мөнгөн шагнал олгох

9.1.б. ХАСХОМ-ийн эрх бүхий албан тушаалтанд үндсэн цалингийн 40 хүртэл хувийн нэмэгдэл олгох

9.1.в. Монгол Улсын одон медаль, алдар, цол, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, салбарын тэргүүний ажилтан,  бусад шагналаар шагнуулахаар журмын дагуу зохих байгууллагад уламжлах.

Арав. Хариуцлага

 10.1 Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-11 дүгээр заалт, энэ журмын 7 дугаар бүлэгт заасныг зөрчсөн албан тушаалтанд уг хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон бусад хуульд тогтоомжид заасны дагуу тус тус сахилгын шийтгэл ноогдуулна.

10.2. Энэ журмын 7-ын 4 дүгээр заалтын “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх”-ийг хориглосон заалтыг зөрчсөн албан хаагчийг ажлаас хална. Албан хаагчийн сахилгын шийтгэлийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын тогтоолоор оногдуулж, өөрт нь болон хамт олонд мэдээлнэ.

9.5. Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа албан хаагчдад шагнал урамшуулал олгохгүй.

Арван нэг. Бусад зүйл

11.1. Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг Хурлын Тэргүүлэгчид батална.

11.2. Хурлын ажлын алба нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ сумын Засаг даргын Тамгын газартай нягт хамтран ажиллана.

 

ЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА